Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Др.Альфред Ханниг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-24 16:21:08

УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Др. Альфред Ханниг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Др. Альфред Ханниг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд энэ сарын 24-27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүгийн ажлын хэсгийн 6 дугаар уулзалтад 30 гаруй орны төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын төлөөлөл оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр манай улсын хувьд хадгаламжийн хүү өндөр учраас зээлийн хүү өндөр байдаг. Энэ тал дээр УИХ анхаарлаа хандуулж, зээлийн хүүг бууруулах талаар бодлого баримталж байна гэлээ.

Др. Альфред Ханниг УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд тус байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулсан юм. Тэрээр элэхдээ, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг нь ухаалаг бодлого, зохицуулалтаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй дэлхийн хоёр тэрбум хүнийг зохицуулалттай санхүүгийн системийн үйлчилгээгээр хангахын төлөө бодлого боловсруулагч байгууллагуудыг хамарсан дэлхий нийтийн хамтын ажиллагааны байгууллага юм. Одоогоор 94 орчим орон гишүүнээр нэгдээд байна. Монгол Улсад анх удаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүгийн ажлын хэсгийн 6 дугаар уулзалт, сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт, сургалтын сэдэв нь Монгол Улсад төдийгүй оролцогч улс орнуудын хувьд маш чухал асуудал хэмээгээд уулзалтын үр дүнд эдгээр улс орнуудын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд санхүүгийн хүртээмжийг өсгөх чиглэлд санхүүгийн үйлчилгээний суурийг тавих нь эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Связанные новости