Грассрүүтс фестиваль 3 аймагт амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-11 13:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай, Хөвсгөл, Сүхбаатар аймагт Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны элч төлөөлөгчид очиж Грассрүүтс /нийтийн хөл бөмбөг/ фестивалийг /2020.11.07-10/ амжилттай зохион байгуулав.


Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, БТСГ-ын дарга Р.Батболд, Архангайн Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга К.Баттулга нар харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан юм.



Мөн МХБХ-ны Гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа МХБХ-г төлөөлөн уулзалт хийж, холбооны танилцуулга, зорилт, урт хугацааны хөтөлбөр зэргээс талуудад танилцуулав.





Улмаар Архангай аймгийн ЕБ-ын 2 болон 3 дугаар сургуулиудад, мөн БТСГ-ын байранд очиж уулзалт хийж, элч төлөөлөгчдөөр дамжуулан хөл бөмбөгийг сурталчилж, дунд сургуулийн заал, талбайтай танилцаж, сургалт зохион байгуулсан байна.



Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо энэ өдрүүдэд МХБХ-ны Grassroots сургалт, фестиваль амжилттай явагдлаа. Мөн хөл бөмбөгийн үндэс суурь болсон Grassroots багшийн сургалтыг МХБХ-ноос FIFA-гийн тусламжтайгаар Хөвсгөл аймгийн Хөл бөмбөгийн холбоо, БСУГ, БТСГ-тай хамтран зохион байгууллаа.



Нийт 20 багш хамрагдсан уг сургалт онол, практик хослон явагдаж, сүүлийн өдөр 120 хүүхдийг хамруулсан фестивалиар багш нар сурсан мэдсэнээ дүгнүүлэв. Фестивальд оролцсон багш, хүүхдүүд шинэлэг мэдээллийг сургагч багш Б.Гарьдмагнай, Ганбат нараас авч, мэдээллээ аймагтаа түгээн дэлгэрүүлэхээр болов. Тус сургалтаар олсон мэдлэгээ нэн тэргүүнд 2020 оны 11 сарын сүүлээр зохион байгуулах аймгийн аварга шалгаруулах футзалын тэмцээнээр ашиглах юм байна.



Наран ургах зүгийн Сүхбаатар аймгийн хүүхэд багачууд Грассрүүтс хөтөлбөрийн хүрээнд хөлбөмбөгийн фестивалийг амжилттай зохион байгуулав.



МХБХ-ноос томилогдсон сургагч багш нар грассрүүтс /нийтийн хөлбөмбөг/-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулж, элч төлөөлөгчид хүүхэд багачуудтай уулзан, аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулж, төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүллээ хэмээн МХБХ-ноос мэдээллээ.







Связанные новости