Цахим тоглоомын газар, сургалтын төвүүд ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-11 14:05:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тохиолдол дотоодод илэрсэнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа.

Хурлаар, Баянхонгор аймагт халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс аймаг, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газар, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төв, хүүхэд харах үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 11-13-ны өдрийг дуустал гурав хоногийн хугацаанд түр зогсоолоо.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудыг тусгаарлах байраар томилгоожуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцалтал түр ашиглах гэрээ байгуулан ажиллахаар болжээ.

Тус аймаг руу орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Связанные новости