БАЯНХОНГОР: Ширээний хөөрөг нь гоёлын болон бэлгэдлийн зориулалттай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголчууд өөрийн нутагт байдаг үнэт, гоёл чимэглэлийн чулууг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Чүнчигноров, гартаам, мана, хаш чулуу гэх мэт чулуугаар хөөрөг хийх нь элбэг.
Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй хөөргүүдийг цувралаар танилцуулж байна. Хөөргийг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ангилдаг бөгөөд аймгийн музейд хадгалагдаж буй ширээний манан хөөрөг нь XX зууны эхэн үеийнх. Тус хөөргийг мана, шүр, оюу, гууль, төмөр зэргээр бүтээжээ. Хэмжээний хувьд 13х10 см, 600 гр жинтэй.
Ширээний хөөрөг гэдэг нь уламжлалт хөөргийн нэг төрөл бөгөөд гол төлөв гоёлын болон бэлгэдлийн зориулалттай, ширээн дээр байрлуулан хэрэглэдэг хөөрөг юм. Ширээний хөөрөг нь гар хөөргөөс ялгаатай нь том хэмжээтэй, хүнд, ихэвчлэн ширээн дээр байрлуулж чимэглэл болгон хэрэглэдэг. Зарим нь үнэртэн хадгалах, орчны энергийг тэнцвэржүүлэх зорилготой байдаг.
Хөөрөг нь хамрын тамхи хийх зориулалттай, мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийдэг бөгөөд бэл бэнчингээс хамааран эврийн яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг байсан бол хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ. Төрийн түшээд, язгууртнууд ихэвчлэн хаш хөөрөг, лам нар шаазан болон сүүжин хөөрөг, төрийн хар хүн гартаам, чүнчигноров, манан хөөргийг голчлон барьдаг байжээ. Мөн эхнэр хүний барьдаг хавтаганы хөөрөг, хос хөөрөг гэж бий. Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйд хос хөөргийг бэлэглэдэг заншил байв.
Найрлага дахь хольцоосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг бөгөөд тэдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорлоос хамгаалдаг төдийгүй гэр бүлийн аз жаргалыг бэлгэддэг. Мөн мана сэтгэл санааг сэргээх хүч тамир оруулах увидастай. Амар амгалан, хайр сэтгэлийг бэлгэддэг бөгөөд далдын муу хүчнээс эзнээ хамгаалж, урт удаан наслуулдаг. Мөн бамбай булчирхай, зүрхний өвчинд сайн төдийгүй даралт тогтворжуулах, цусны эргэлтийг сайжруулна.
Ulaanbaatar