Аймгийн онцгой комиссын шуурхай штабын хурлын шийдвэрүүд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-13 22:27:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн өнөөдөр ээлжит хурлаа хийж дараах шийдвэрүүдийг гаргав.

Хурлын эхэнд аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Ц.Идэрбатад Шуурхай штабын дарга бөгөөд аймгийн ОБГ-ын дэд хурандаа Ж.Эрдэнэбат Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар, Орон нутгаас гарсан захирамж шийдвэртэй холбоотой хэрэгжилтийг танилцууллаа. Үүнээс онцолбол хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбоотой аймгийн хэмжээнд 80 эргүүл хяналтын пост, Чингис хотын хэмжээнд байнгын 3, хөдөлгөөнт 7 постод 40 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн хэмжээнд 18 сум, таван тосгоныг цахим орчинд холбож, нэгдсэн удирдлагаар хангах, аймгийн 57 төрийн байгууллагад тандалт судалгааг хийж байна. 2020 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Улаанбаатараас Хэнтий аймгийн чиглэлд нийтийн тээвэр болон хувийн автомашинаар хүрэлцэн ирсэн 2281 хүний 1597-гоос асуумж судалгаа авч, "Ковид-19" халдварын эрсдэлийг тооцоход, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн Галшар, Хэрлэн сумын 3 тохиолдолд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж амьсгалын замын халдвар гэж оношилсныг албаны эх сурвалж дуулгалаа.

Шуурхай штабын хурлаар Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Цагдаа, Тагнуулын газрын дарга нар мөн мэдээлэл хийлээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас зорчих хөдөлгөөн хязгаарласан. Энэ хугацаанд Чингис хотыг бүсчлэн хаасан хяналтын 10 цэгээр орж ирсэн 40 автомашин, 82 зорчигч, гарсан 57 автомашин, 106 зорчигч нийт 97 тээврийн хэрэгсэл, 188 зорчигчийг нэвтрэх зөвшөөрлийн дагуу хяналт тавьж шалган нэвтрүүлсэн байна. Аймаг, сум, тосгон, багаас орж гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн буяны ажил, хүнс, шатахууны тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнийг нэвтрүүлэхээс гадна хязгаарлалт улам чангарч буйг хурлын үеэр эх сурвалж мэдэгдлээ.

Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын үеэр Хэрлэн сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэглэн” найман нэрийн хүнсний дэлгүүр иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсныг тогтоож, өнөөдрийн хурлаар архины тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Мөн цагийн хуваарь зөрчсөн “Хан-Оргил” хүнсний дэлгүүр, бусад долоон тохиолдолд хуулийн хүрээнд хариуцлага тооцохоор болов.

Хуралдааны төгсгөлд Шуурхай штабаас хэлэлцсэн асуудлуудыг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө.

Цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцөд анхаарах, бүсийн сумдад 20 ширхэг коронавирусний түргэвчилсэн оношлуур хүргэхээр боллоо.

Нийгмийн зорилтот бүлэгт анхаарах зайлшгүй шаардлага тулгарч буйг талууд авч хэлэлцлээ. Мөн мах, хүнсний худалдаа, түлээ нүүрсний үнийн хөөрөгдлөөс сэргийлж, аймгийн Статистикийн хэлтсээс албан хаагч томилуулж, тандалт судалгаа хийлгэх, хэрэв үнэ хөөрөгдсөн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болов. Шуурхай штаб зардлаа хэмнэх, Аймгийн шуурхай штабын дэргэд 7056-3113 иргэдийн гомдол санал, авах байнгын утсыг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.

Коронавирусний эмчилгээний 10 хоногийн нөөц бэлтгэх зорилгоор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас 20 сая төгрөг зарцуулах, хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа алба хаагчдад мэргэжлийн байгууллагуудаас хүссэн шаардлагатай амны хаалт, хамгаалах хэрэгслийг Шуурхай штабаас шийдвэрлэхээр болсныг аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч С.Ган-Эрдэнэ мэдээллээ.

 

Связанные новости