Хотын захирагч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцөд хяналт тавьж ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-13 22:51:32

Хэнтий /МОНЦАМЭ/ "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн"-тэй холбогдуулан Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцөд хяналт тавьж ажиллалаа.

 

Тодруулбал, "Номин", "99" супермаркет, "Эвт" худалдааны төв, "Монос", "Оол" эмийн сангуудаар орж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна амны хаалт, эм тариа, түлээ нүүрсний үнэ болон нөөцийн талаар танилцав. Тухайн байгууллагууд хүнс, шатахуун тээвэрлэлт нэвтрэх бичгээр чөлөөтэй нэвтэрч байгаа тул хүнс, өргөн хэрэглээний бараа, нүүрс, амны хаалт, эм тариа шатахууны хувьд нөөц хангалттай байгаа мэдээлэл өглөө. Харин түлээний мод Чингис хотод 2-3 хоногийн нөөцтэй байгаа тул Хэрлэн сумын Онцгой комиссыг шуурхай хуралдуулж, түлээний нөөц бүрдүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Бараа бүтээгдэхүүний үнийг өсгөөгүй, үнэ тариф хэвийн байв. Махны хувьд Улаанбаатар хотод үнэ нэмэгдсэн, ченжүүд Улаанбаатар хот руу махаа нийслэлийн үнээр нийлүүлдэг тул үүнтэй холбоотойгоор бага зэргийн өсөлттэй байгаа талаар мах борлуулагчид тайлбарлаж байна.

Сумын засаг даргын зүгээс аж ахуйн нэгжүүдийг хөл хорионы горимыг чанд баримталж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, нөөц, хангалтдаа анхаарч ажиллах талаар үүрэг өглөө.

 

Связанные новости