Иргэд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох зөрчил гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан сүүлийн үед иргэд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох зөрчил гарч байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Одоогийн байдлаар Ховд аймгийн фэйсбүүк группээр дамжуулан мөрийтэй тоглоом
зохион байгуулж, тоглосон нэг иргэнийг олж, “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу
хариуцлага хүлээлгэсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй
тоглоом зохион байгуулж, тоглож байгаа иргэдийн талаарх холбогдох тандалт
судалгаа хийж байгаа аж.
Иргэд мөрийтэй тоглоом
зохион байгуулах, тоглосон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад
эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог
мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл,
хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна.