Казахстан улсын Авлигатай тэмцэх газраас цахим хурал зохион байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтан өчигдөр Казахстан улсын Авлигатай тэмцэх газраас цахим хурал зохион байгууллаа.
Энэхүү цахим хурлын зорилго нь авлигын эсрэг бодлогыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэний нийгмийн оролцоог сайжруулах сайн туршлага, санаачилгуудаа харилцан хуваалцах ажээ.
Цахим хуралд 15 улс орны төлөөллөөс гадна НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, зүүн Европ төв Азийн авлигын эсрэг сүлжээ зэрэг байгууллага оролцжээ.
Казахстан улсын талаас хүсэлт тавьсны дагуу Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа цахим хурлыг нээж үг хэлсэн байна.
Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын хүнд үед манай салбарын мэргэжилтнүүд нэгэн дор цуглах боломжоор хангаж, энэхүү хурлыг зохион байгуулж буй Казахстан Улсын Авлигатай тэмцэх газрын нийт хамт олонд талархал илэрхийлье.
Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлж, БНХАУ, Хонгконг, БНСУ, Азербайжан, Англи, Тайланд зэрэг улсуудын авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж идэвхтэй хамтран ажиллаж байна.
Мөн Интерпол, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга зэрэг олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, сургалт явуулах, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж ирлээ.
Бид дэлхийн нийтийг хамарсан аюулт цар тахлыг даван туулж, удахгүй сайн цаг ирэхэд, өндөр түвшний айлчлалаас гадна албан хаагчдаа харилцан илгээж, авлигын эсрэг мэдлэг туршлагаа хуваалцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Цахим хуралд нэрт илтгэгч нар оролцож, авлигын эсрэг олон улсын сайн туршлага, стандартуудын талаар санал солилцсоноос гадна, иргэний хяналт, авлигын эсрэг цахим хэрэгслүүд, үндэслэлгүй хөрөнгөжих, авлигын хэргийн ял шийтгэл зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж байна.