Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцдаг ажилтнуудад халдвараас сэргийлэхийг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-14 13:05:42

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой “COVID-19” халдварын олон тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн ням гарагт удирдамж гаргажээ.


“Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцдаг салбарын ажилтнууд халдвараас өөрсдийгөө хамгаалж, амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөхөөс гадна шаардлагатай тохиолдолд дүрэмт хувцсаа халдваргүйжүүлэх хэрэгтэй” гэж уг баримт бичигт дурдсан байна.


Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнийг ачиж тээвэрлэдэг ажилтнууд ч гэсэн хамгаалалтын шил, нүүрний хаалт зүүж, бараа бүтээгдэхүүнд шууд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй ажээ.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Шинхуогийн мэдээлснээр, БНХАУ-д хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний салбарын ажилтнууд халдвар авсан олон шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.


БНХАУ “COVID-19” импортын хүнсээр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа юм. Тодруулбал, Тээврийн яам хилийн чанадаас импортолсон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс халдвар дамжихаас сэргийлэх удирдамжийг 11 дүгээр сарын дундуур гаргажээ.


“Импортын хөлдөөсөн гахайн махны савлагаанаас цуглуулсан сорьцоос “COVID-19” илэрлээ" гэж Тяньжинь хотын эрх баригчид ням гарагт мэдээлжээ. БНХАУ-д импортын хөлдөөсөн хүнснээс вирус илэрсэн тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. 

Связанные новости