ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусний эх үүсвэрийг олж тогтоохоор Хятадад очно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /Associated Press/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) шинжээчдийн баг “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” коронавирусний гарал үүслийг судлахаар нэгдүгээр сард Хятадыг зорихоор болжээ.
ДЭМБ-ын баг Хятадын эрдэмтэдтэй энэ талаар хэдийнээ хэлэлцэж эхэлсэн байна. Мэргэжилтнүүд эхлээд коронавирусний дэгдэлт анх бүртгэгдсэн Ухань хотод очих аж.
"Энд буруутан улсыг хайж олох тухай яригдаагүй. Юу болсныг олж тодруулах зорилгоор, дараа нь цаашид эрсдэлийг бууруулахад энэ мэдээллийг ашиглаж болох эсэхийг судлах тухай яригдаж буй юм" гэж багийн гишүүн Фабиан Лендерц "Associated Press" агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Эрдэмтэд вирус эрт тархсан эсэхийг олж тодруулахаар төлөвлөж байна. Үүний тулд тэд цар тахлаас өмнө цуглуулсан эмнэлгийн дээжийг судлах юм. Түүнчлэн вирус амьтнаас хүнд халдсан байж болзошгүй газар болох Уханийн зах дээр судалгаа хийх аж. ДЭМБ-ын баг мөн вирусний тээгч байж болзошгүй сарьсан багваахай болон бусад амьтдаас сорьц авахаар төлөвлөжээ.
Лендертцын ярьснаар, Хятадад ажиллаж байх хугацаанд нь хоёр долоо хоногийн тусгаарлалтын дэглэмээс өөр хязгаарлалтын талаар ДЭМБ-ын багт мэдэгдээгүй байна. Хятад дахь ДЭМБ-ын ажиллагаа 4-5 долоо хоног үргэлжилнэ.
"Энэ ажлын тайлан гарна, гэхдээ бидэнд бүрэн хариулт өгч чадахгүй гэдэгт итгэлтэй байна" гэж эрдэмтэн хэлжээ
Шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол Хятадын Ухань хотод 2019 оны 11 дүгээр сарын 17-нд илэрсэн байж магадгүй байна. Эрдэмтдийн дийлэнх нь “COVID-19”-ийн вирусийг зоонозын гаралтай гэж үзэж байгаа юм.
Вирус сарьсан багваахайнаас хүнд халдсан гэж таамаглаж байгаа боловч вирус ямар амьтнаар дамжин сарьсан багваахайнаас хүнд халдсан нь одоогоор тодорхойгүй байна.