Аймгийн Брэндийн зөвлөл байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар Увс аймагт Брэндийн зөвлөл шинээр байгууллаа.
Тус зөвлөл нь Увс аймгийн онцлогт тулгуурласан нэгдсэн нэг брэнд гаргаж гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулах, борлуулалтын нэгдсэн сүлжээг үүсгэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар аймгийн эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох зорилготой аж.
Аймгийн Засаг дарга Ч.Чимэдээр ахлуулсан уг зөвлөлийн
дэргэд Ажлын алба байх бөгөөд бүрэлдэхүүнд нь аймгийн хөгжлийн тэргүүлэх
салбарт харьяалагдах төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн
хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөллүүд орж ажиллах юм байна.
Орон нутгийн бизнесийн моделийг огт өөрөөр харан эрэлт,
зах зээлээс нь эхлүүлэн дэмжих, брэнд болгох санаачилгад Их хурлын гишүүн, орон
нутгийн удирдлага, ард иргэд бүгд нэгдэж, цугтаа хичээвэл үр дүн их гарна хэмээн Увс аймгийн Брэндийн зөвлөлийн гишүүд анхны хурлаараа дүгнэн
ярилцлаа.
Увс аймаг Брэндийн зөвлөлтэй болсноор ард
иргэдийн дунд ажлын байр нэмэгдэж, орлогын эх үүсвэрүүд шинээр бий болох юм.