Иран сөнөсөн нисэх онгоцны зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-31 12:31:40

ТЕХРАН. /BBC/. Иран Хувьсгалт гвардын андуурч сөнөөсөн Украины нисэх онгоцны 176 зорчигчийн ар гэрийнхэнд 150 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.


Энэ оны нэгдүгээр сард “Ukraine International Airlines” компанийн “Boeing 737” нисэх онгоц Техран хотоос хөөрсний дараахан пуужингийн хоёр цохилтод өртсөний улмаас сүйрсэн юм.


Ираны эрх баригчид эхэндээ нисэх онгоц пуужингийн цохилтод өртсөн гэх мэдээллийг няцааж байсан боловч хожим нь андуурч сөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна.


Нисэх онгоцонд Ираны 82, Канадын 63, Украины 11, Афганистан, Их Британийн тус тус дөрөв, Германы гурван зорчигчоос гадна хөлгийн багийн есөн гишүүн байжээ.


Ираны агаарын хүчин тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдалд байжээ. Тодруулбал, Ираны генерал Касем Сулеймани Багдад хотод АНУ-ын дроны цохилтод өртсөний улмаас амиа алдсаны хариуд Ираны Зэвсэгт хүчин Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад пуужингийн цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа дээрх явдал болжээ.

Связанные новости