Франкфуртээс ирсэн иргэд тусгаарлах байранд халдвар авсан эсэхийг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-01-02 19:32:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Амар” зочид буудалд тусгаарлагдсан иргэдийг өөр зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн шалтгааны талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан ёсоор тайлбар өглөө.


Өнгөрсөн сарын 18-нд ирсэн Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарласан. Улмаар тусгаарласнаас хойш 14 хоногийн дараа 7 хүнд коронавирусний халдвар илэрсэн байна. Тиймээс тухайн иргэд тусгаарлалтад байхдаа халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж шилжүүлэх шийдвэр гаргаснаа Эрүүл мэндийн сайд хэллээ.


Тэрбээр, “Амар” зочид буудалд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн эсэхийг хяналтын бичлэгээс шалгана. Бичлэгийг хянаснаар гадаадаас халдвартай ирсэн үү, ирсний дараа дэглэм алдагдсан уу гэдгийг тогтоох юм. Ингэснээр тухайн зочид буудлыг голомт гэж үзэх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэх бөгөөд одоогоор эцсийн дүгнэлт өгөх боломжгүй” гэлээ. 

Связанные новости