Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун 4 цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.
Дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн хүн амд жирэмсэн
эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын
багш, ажилчид, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, 6 сартайгаас
6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах юм.
Томуугийн дархлаажуулалтыг өрх, сумын эмнэлэгт хийж байна. Иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 2025 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс албан ёсоор эхлээд буй. Манай улсад жил бүр улирлын томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1, 2 дугаар сард оргил үедээ хүрч, жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг. Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна. Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг аж.