Постууд дээр тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд хяналтыг чангатгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-04 15:21:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн зарим ангиудын ажлын явц, бэлтгэл, хангалт, нөөц, бэлэн байдлын талаар өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлаар авч хэлэлцэв.

Мэргэжлийн ангид хамаарах газар, албадын зүгээс ажлын явц, нөөц бүрэлдэхүүний талаар танилцуулж, авч хэрэгжүүлэх зарим шаардлагатай  арга хэмжээний талаарх саналыг Онцгой комисст мэдээлсэн юм.

Хурлаар коронавирусний халдвар орон нутагт орж ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн ангиудын уялдаа холбоо, ажлын явцыг илүү эрчимжүүлж, постууд дээр тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд хяналтыг чангатгах, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд өндөр хяналт тавих үүднээс тусгай төрлийн программаар хянах боломжийг судлахаар болов. 

Мөн тусгаарлах байрны нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг шалгалт хийн, дүгнэлт гаргаж, шаардлагатай, сайжруулах ажлыг газар дээр нь зохион байгуулж иргэд хүлээн авах /сайн/ нөхцөлийг бүрдүүлэхээр тогтлоо.

Цаашдаа аймгийн Онцгой комиссоос гарсан үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлээгүй, хугацаа алдсан удирдлага, алба хаагч, иргэдэд хариуцлагын арга хэмжээг шууд авдаг байхаар болжээ.

Связанные новости