"Ачтан" эмнэлгийн 9 ажилтнаас коронавирус илэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ачтан" эмнэлгийн 9 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дөнгөж сая шуурхай мэдээлэл хийсэн юм.
Тэрээр мэдээлэхдээ, “Ачтан эмнэлэг шинэ жилийн баярын дараа энэ сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд энэ сарын 3-нд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ түргэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Ингээд шинжилгээний нь хариу эерэг гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг PCR шинжилгээнд хамруулжээ. Одоогоор 9 хүн халдвартай гараад байна. Тандалт судалгааг хийж байна” хэмээв.
Тус эмнэлэг 134 эмч, ажилтантай бөгөөд 12 дугаар сарын 28-ныг хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг
ажиллаж байсан байна. 12 дугаар сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлсэн иргэдээс асуумж авч, хэвтэн эмчлүүлэгчдээ түргэвчилсэн оношлуураар
шинжилгээ авч байжээ. Тус эмнэлэг хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар 24-нд өвчтөн
хүлээн аваад 28-нд бүх
өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан байна.