20 мянган төл малыг төв суурин газарт онд оруулна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-06 11:55:32
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан зудын эрсдэлийн тооцооллын хүрээнд, онд ороход хүндрэлтэй байгаа төл малыг бүх нийтээрээ тэжээх уриалгыг гаргаж, төрийн байгууллагын удирдлагууд 100 хувь дэмжсэнээр Баянхонгор аймаг 20 мянган төл малыг төв суурин газартаа тэжээхээр боллоо.
Ингэхдээ аймгийн төвд 10 мянган төл малыг төрийн байгууллага, бизнесийн байгууллагууд өөрсдийн нөөцдөө тулгуурлан тэжээх бол бусад сум суурин газруудад 10 мянган төл тэжээх юм байна. Төл малыг тэжээх аргачлалын талаар байгууллагуудад ХХААГ, МЭА, Мал үржлийн тасгаас шаардлагатай аргазүйгээр ханган ажиллах аж.
Байгууллага, ААН-үүд малчнаас нэг төл малыг 25-30 мянган төгрөгийн хооронд үнэлэн авах ба монгол гэрт буюу хэвтэр бууцтай, дулаан орчинд тухайн төл малыг тэжээх юм. Төрийн байгууллагынхны хувьд ногоон тэжээлийг төсөр аргаар тариалж сурсан бөгөөд малд өгөх шим тэжээл чанараараа өндөр учир төл мал тэжээх гол хүнсээр дээрх ногоон тэжээлийг байлгахаар ажлын хэсгээс тооцоолоод байна.
Төл мал тэжээж онд оруулах ажлыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан ажлын баг зохион байгуулах бөгөөд манай иргэд өөрсдөө сайн дураараа энэ уриалгад нэгдэн төл мал тэжээж болох юм. Тус ажилд нэгдэхийг хүсвэл 8911-9918, 9554-5588, 8944-7788 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
Төрийн байгууллага, ААН-үүд төл малыг тэжээснээрээ туслах аж ахуйгаа хөгжүүлж, ирэх хавраас байгууллага хамт олондоо ашгийг нь хүртээх зэргээр эерэг үр дүнгүүд давхар бий болж байна.
Связанные новости