"Ачтан-Элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний шинжилгээ сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-06 20:42:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотод "Ачтан-Элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн Бат-Өлзий сумын иргэнийг түргэвчилсэн оношлуураар оношлоход сөрөг гарсан бөгөөд ойрын хавьтал бүхий хүмүүсийг судлан тогтоож байна. Үүнтэй холбоотойгоор Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлалаа.
Мөн тус эмнэлгийн ойролцоох 35 дугаар сургуульд PCR шинжилгээ өгсөн нэг иргэн Арвайхээрт ирсэн бөгөөд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Түүний ойрын хавьтал бүхий хүмүүсийг мөн адил судлан тогтоож байгаа аж. Дээрх иргэдийн PCR шинжилгээг Улаанбаатар хот руу явуулаад байна.
Хот хооронд хулгайгаар зорчигч тээвэрлэж байгаа 13 хүнийг илрүүлсэн бөгөөд энэ тохиолдолд бичиг баримтыг нь хураан, машиныг 14 хоногоор журамлах шийдвэрийг хурлаас гаргалаа. Халдварын голомттой бүсээс зорчигч тээвэрлэх нь асар их эрсдэл дагуулж байгаа болохыг аймгийн Засаг дарга хэлж байв.
Шинэ жилийн баярын улмаас хөдөлгөөн ихэсч, иргэдийн дунд халдвар, хамгааллын дэглэм алдагдах нөхцөл бүрдэж байгаа тул шаардлагатай арга хэмжээг дахин авч эхэлснээ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж мэдэгдлээ. Арвайхээр суманд хяналтын постыг нэгээр нэмж, орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна. Иргэд Арвайхээр сумаас орж, гарахдаа хяналтын постод бүртгүүлэх бөгөөд зугатах, хулгайн замаар явах тохиололд хуулийн хариуцлагатай юм.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргаас албан тоот ирүүлж, тус аймаг руу гадны иргэд хүлээж авахгүй болохыг мэдэгдсэн байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буураагүй байгаа учраас халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, хөдөлгөөнөө багасган, аюулгүй байдлаа онцгой анхаарахыг аймгийн нийт иргэдэд хандан анхааруулж байна. Худалдаа, үйлчилгээний төвүүд үйлчлүүлж буй иргэдийнхээ хоорондын зайг бариулах, гарыг нь ариутгах, амны хаалт зүүхийг шаардах, халууныг нь хэмжих зарчмаа баримталж, хяналт тавьж ажиллах шаардлагатай байгааг Онцгой комиссын зүгээс анхаарууллаа.
Связанные новости