Дөрвөн ханатай гэр, суудлын автомашин бүрэн шатжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-08 10:30:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат малчин Ө-ийн гэр, суудлын автомашин 2021.01.07-ны өдрийн 18:00 цагийн орчим шатсан тухай мэдээлэл мөн өдрийн 18:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Наран багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг очиж нөхцөл байдалтай танилцахад малчин Ө-ийн 4 ханатай гэр, “Старекс” загварын суудлын автомашин шатсан байжээ.

Тухайн явдал Бууцагаан сумын Наран багийн “Дэнгийн гурван цохио” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ болсон байна. 

Мөн өдөр аймгийн хэмжээнд гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 15:53 цагт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:57 цагт очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан байна.

Связанные новости