Коронавирусээр халдварласан зургаан иргэн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-08 17:02:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид 242 хүнд PCR шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж байсан өвчтөнүүдээс зургаан хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар энэ тасагт долоон өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа аж.

Улаанбаатар хотод коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбогдуулан нийслэлээс аймгийн бүх сумын чиглэлд ирэх хөдөлгөөн үйлдэж байгаа иргэн бүрийг Улаанбаатар хотод өгсөн PCR шинжилгээний хариуны огноо, цаг хугацааг нэг бүрчлэн нягтлан нэвтрүүлж байна. Түүнчлэн нэвтэрсэн иргэдийг 14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжүүлэн ажиллахад хяналт тавьж байгаа гэв.

Одоогоор “Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд Сүхбаатар суманд 19681, бусад суманд 25931, нийт 45612 иргэн хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ажиглалтын дөрөв, тусгаарлах нэг байранд 49 иргэн хяналтад байна. Мөн батлагдсан нийт тохиолдлын 88.9 хувь буюу 193 иргэн эдгэрээд байгаа аж. Эдгээрээс сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 15, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 166 иргэн байгаа гэлээ. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, 1486 иргэнийг хавьтлын судалгаанд бүртгэн, 1470 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарчээ.

Түүнчлэн одоогоор аймгийн хэмжээнд Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирсэн 195 өрхийн 578 иргэн гэрийн ажиглалтад байгаа ажээ.

 

Связанные новости