Аймгийн Засаг дарга Гучин-Ус суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-12 15:04:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж говийн гурван суманд ажилласны нэг нь Гучин-Ус сум юм. Өвөрхангай аймаг дотроо өвөлжилт хүнд байгаа сумдын тоонд Гучин-Ус орно.

Тус сумын 500 гаруй малчин өрхийн тал хувь нь бусад аймагт отор нүүдлээр яваад байна. Нутагтаа өвөлжиж байгаа малчид мал нь хорогдож, эдийн засгийн дарамтанд орж байгаагийн улмаас сэтгэл санааны хямралд өртөж, хүнд байдалд байгаагаа аймгийн даргад хэлж байлаа.

Сумын төвийн хашаа бүрт бараг таван хошуу мал тэжээгдэж байгаа, мал туранхай учраас борлуулах боломжгүй, нэг ямаа нэг боодол өвсний үнэнд хүрэхээгүй болж байна хэмээн малчид хэлж байв. Ардын их хурлын депутат С.Пүрэв гуай хэлэхдээ заг, дэрс, бударгана, харгана гээд тэмээний гол идэш болох бутлаг ургамлаар баялаг Монголын хоолойд тэмээ өлбөрч үхэж байгаа. Энэ яваа насандаа ийм үзээгүй хэмээн байсан юм.

Аймгийн дарга малчдад цаг үеийн мэдээлэл өгч, малчдаа дэмжих чиглэлээр төр засгаас болон орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан ба төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Сумын СӨББ-оос урлаг заалаа тохижуулж, үкүлэлэ хөгжимтэй болох, гүнийн худаг гаргах хүсэлтийг тавьсан бол эмнэлгээс халаалтын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байгаагаа хэлэв. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн байр нь 1954 онд ашиглалтад орсон чулуун барилга бөгөөд жил бүр засвар хийсэн ч дулаан алдагддаг, мөөгөнцөр ургадаг. Тиймээс хөрөнгө санхүү шийдэгдвэл эмнэлгийн шинэ байртай болох хэрэгтэй гэж байв.

Сумын ЕБС-ийн хичээлийн II байр мөн хуучны барилга учраас иж бүрэн засварлах шаардлагатай хэлж байсан юм. Тус сургуулийн сурагчид урлаг, спортоороо аймагтаа тэргүүлдэг учраас сургалтын орчин нөхцөлөө илүү сайжруулж, багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал тулгамдаж байгааг хэллээ.

Аймгийн Засаг дарга дээрх санал хүсэлтүүдийг хүлээн авч, зарим зүйлийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Связанные новости