Отрын малчдаа эргэжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-01-18 17:35:00

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам болон албаны хүмүүс Дорноговь аймгийн нутагт оторлож байгаа малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Говьсүмбэр аймгаас Дорноговьд оторлож байгаа 13 өрхийн малчинтай уулзаж өвөлжилтийн байдалтай танилцсанаас гадна  төрийн үйлчилгээний талаарх хэрэгцээтэй хангаж, малчдын тулгамдсан асуудлыг сонсчээ. Мөн цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдэд сургалтын материал, хичээлийн хэрэгсэл, аймгийн өвс тэжээлийн нөөцөөс өрх бүрт 10 боодол өвс олгосон байна.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгээс иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Дорноговь аймагт өөрийн нутгийн 2.8 сая толгой малаас гадна бусад аймгийн 300 гаруй мянган мал отроор өвөлжиж байна. Ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон байгаа тул цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм.

Связанные новости