“COVID-19” халдвар орон нутагт зөөвөрлөгдөн тархах эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-27 18:27:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ХӨСҮТ-тэй хамтран 21 аймаг, 9 дүүргийн ЭМБ-ын удирдлагуудтай цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


Уг цахим хуралд 2021 оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд хамтран 20 дахь үнэлгээг хийхэд улсын хэмжээнд “COVID-19” халдвар тархах өндөр эрсдэлтэй байгааг танилцуулав.

Одоогоор Улаанбаатар хотын хувьд халдварын тархалтын үе шатыг шинэ голомт ба тохиолдлын тоо, 10 000 хүн амд ноогдох өвчлөл, халдварлуулах түвшин, шинжилгээний эерэг хувь гэсэн  5 үндсэн шалгуураар тооцон дүгнэхэд II үе (голомтолсон өвчлөл)-ийн үе шатандаа байна.  Нийслэл дэх кластер голомтууд идэвхтэй үргэлжилж, харин  аймаг орон нутгийн хувьд зөөвөрлөгдөн тархах эрсдэлтэй буюу дотоодын өвчлөл цаашид тогтвортой үргэлжлэх хандлагатай байна.

Иймд ЭМЯ, ХӨСҮТ-өөс аймаг, дүүргүүдийн ЭМБ-ын удирдлагуудад орон нутагт халдвар зөөвөрлөгдөн тархах, кластер голомтын түвшнээс хүн амын дунд тархахаас сэргийлэх чиглэлд онцгой анхаарч тандалт, хяналт, эмнэлгийн бэлэн байдлыг хангах чиглэлд сэрэмжлүүллээ.

Монгол  Улсад 2021 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар, коронавируст халдварын 1 656 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн тохиолдол 410,  дотоодын 1 246 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 1 211 буюу 73.1 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын кластер голомтоос 13 хүн шинээр өвчилсний 2 нь эрүүл мэндийн ажилтан, бусад нь өмнөх кластер голомтын хавьтлуудаас илэрсэн.  ХӨСҮТ, Цэргийн төв, Улсын Нэгдүгээр төв, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 432 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна.  

Улаанбаатар хотод  өнгөрсөн амралтын өдрүүдэд үсчин, зочид буудал, барааны дэлгүүр, зах зэрэг үйлчилгээний газрууд ажиллаж эхэлсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн нь олон хүнийг хамарсан дэгдэлт гарах эрсдэлтэй байгаа тул цаашид үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, хяналтыг сайжруулах нь чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

 

Связанные новости