УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-07 14:44:09

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчид нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа.

Шүүхэд бүртгэгдсэн он цагийн дарааллаар нам эсвлээс нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсан ба хамгийн эхэнд МАН-ын нэр дэвшигчид СЕХ-ны удирдлагаас үнэмлэхээ гардаж авав. СЕХ-ноос УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэсэн байдаг. 

Үүний дараа Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн 44, ИЗНН-ын 15, Монголын Уламжлалын нэгдсэн намын 11, ХААН сонголт эвслийн 9, Бүгд найрамдах намын 36, МСДН-ын 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын 9, Иргэний хөдөлгөөний намын 27, Ардчилсан хөдөлгөөний намын 3, МАХН-ын 71, Эх орончдын нэгдсэн эвслийн 9, Монгол консерватив намын 13, Ард түмнээ хайрлая намын 13 нэр дэвшигч үнэмлэхээ гардав.

УИХ-ын энэ удаагийн сонгуульд нийт 69 бие даагч өрсөлдөхөөр болсон. Тэдгээр бие даагчдад СЕХ-ынхон мөн үеэр батламжийг нь гардуулсан. АН-ын гишүүд Цонжинболдогт зураг авалттай байгаа тул 16 цагаас үнэмлэхээ гардаж авах гэнэ. Энэ үеэр зарим нам, эвсэл, бие даагчдын төлөөллөөс сонгуульд оролцох байр суурийг тодрууллаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: 

-Улс төрийн ууган хүчний хувьд сонгуульд оролцох бэлтгэлээ хэр хангав. Урьдчилсан байдлаар хэдэн тойрогт ялалт байгуулна гэж үзэж байна вэ?

-МАН бол сонгуулийн хуулиа дээдэлж сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байна. 76 нэр дэвшигчийг хуулийн хугацаанд тодруулж, өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа. Ер нь 2016 оны энэ сонгууль ямар нэг булхай луйваргүй сонгууль болох хэрэгтэй гэсэн зарчмыг баримталж байна. Манай нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 29-тай, хамгийн ахмад нь 63 настай, 20 доктор байна. Нийт нэр дэвшигчийн олонх нь залуучууд. Ер нь сонгууль шударга болох ёстой. Сонгууль болоод өнгөрөхөд хууль хүчний байгууллагаар шийдүүлдэг өнгөрсөн түүх давтагдахгүй байх ёстой гэж үзэж байгаа. Ер нь бол манай нам  50-иас дээш хувийн ялалт байгуулах бололцоотой. 

Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн тэргүүн Г.Уянга:

-Энэ удаагийн сонгуульд эвсэл болж орж байна. Боловсон хүчний хувьд хэр баг бүрдэв. Ямар бодлого чиглэлтэй сонгуульд оролцох гэж байна вэ?

-Энэ удаагийн сонгуульд Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл бүрдүүлж оролцож байна. Сонгуулийн тухай хууль нь шинэ боловсон хүчин, шинэ нэр дэвшигчийг гаргахгүй байхад чиглэгдсэн гэж болно. Гэвч бид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Нэр дэвшүүлэлтийн хувьд аль болох чадварлаг боловсон хүчнээ УИХ-ын сонгуульд сонгож нэр дэвшүүллээ. Нэр дэвшигчдийн онцлог гэвэл анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сонгуульд нэр дэвшүүлсэн. Параолимпийн аварга Д.Баатаржавыг манай иргэд сайн мэднэ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан, амьдралд ойр хуулийг батална гэсэн чиглэлтэй байгаа. Түүнээс гадна манай нэр дэвшигчдийн дотор олон эмч нар бий. Ер нь дээд боловсрол эзэмшээгүй нэг хүнийг эс тооцвол манай нэр дэвшигчид 100 хувь дээд боловсролтой. Эрдмийн зэрэг цолтой, нэр цэвэр хүмүүс байгаа. Үүний зэрэгцээ УИХ-аас эмэгтэйчүүдийн 30 байсан квотыг бууруулж 20 болгосон боловч эвслийн нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувь 28 байгаа нь өмнөх 30 хувь руугаа дөхсөн. Манай эвсэл өнгөрсөн 26 жилийн алдааг засч сайжруулахын төлөө бодлого тодорхойлж ажиллаж байна. Иймд сонгуулийн үр дүнд итгэлтэй байна.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:

-Сонгуульд оролцож буй бусад нам эвсэлтэй харьцуулахад нэлээд хүчин зүтгэл гаргаж сонгуульд оролцох эрхээ авлаа. Ялалт байгуулсан тохиолдолд гол барьж ажиллах зарчим юу вэ?

-40 шахам хоног тэмцэл явуулсаны үр дүнд өчигдөр батламжаа гардлаа. Нийслэлийн болон аймгийн ИТХ-д оролцох асуудал дээр ч багагүй маргаан гарсныг шүүх нааштай шийдвэрлэсэн. Ялалт байгуулсан тохиолдолд Монголын ард түмний өмнө бий болчихоод байгаа эдийн засгийн хүнд байдлаас гарах хамгийн гол  арга зам бол төрөө засах явдал. Төрийн удирдлага, тогтолцоо зөв байж, мөн Үндсэн хуулинд парламентын засаглал руу чиглэсэн өөрчлөлтүүд хийж байж бид цаашдаа зөв зам руугаа орно. Миний бие сонгуулийн компанит ажлаа удирдан ажиллаж байна. С.Оюун даргын хувьд хуралдаа оролцоод явж байгаа. Сонгуульд тусдаа оролцох асуудалд С.Оюун дарга эсрэг саналгүй байгаа.

Говь-Алтай аймагт бие даан нэр дэвшигч Б.Наминчимэд:

-Энэхүү сонгуульд 69 бие даагч өрсөлдөж  байна. Тэдний нэг нь та. Бие дааж сонгуульд оролцох, улмаар ялалт байгуулахын давуу талыг хэрхэн харж байна вэ?

-Бие даагчид УИХ-д гарч ирээд юу ч хийж чадахгүй гэх хандлага иргэд сонгогчдын дунд байна. Ардаа намгүй, бүлэггүй бол юм хийж чадахгүй гэсэн ойлголт давуу байх шиг. Энэ нь өөрөө манай өнөөдрийн улстөрийн дампуурлыг харуулж байгаа юм. Хэсэг бүлгээрээ бүлэглэж байж, асуудлыг шийддэг, тэр бүлэглэл нь асуудлыг зөв, буруу харж байна уу гэдэг нь сонин биш, ерөнхий саналаар явцуу ханддаг. Тийм учраас хэн зөв байна вэ гэдгийг олж харж чадахаа байсан. Өнөөдөр бие даагч байна уу, хэн байна гэдгээс ялгарахгүйгээр зөв бодлого, үзэл байр суурь илэрхийлээд явж байгаа бол бид түүнийг хамтраад дэмжээд явах учиртай. Үнэхээр зөв зүйл ярьдаг хүн ганцаардахгүй, хийх зүйлээ хийгээд л явна гэж харж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости