“Маркт мөнхөрсөн Д.Сүхбаатар” үзэсгэлэнд 600 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-02 22:01:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ардын засаг төрийг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатарын мэндэлсний 128 жил, МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн МАН-ын хороо “Эрдэнэт өв” нийгэмд үйлчлэх ТББ-тай хамтран “Маркт мөнхөрсөн Д.Сүхбаатар” марк, мөнгөн тэмдэгтийн дурсгалын үзэсгэлэн гаргалаа.  

Монгол Улсын түүхэнд эрхэм үүрэг гүйцэтгэсэн Цэргийн Яамны Сайд, Ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд төржээ. Д.Сүхбаатар нь 1919 онд өнөөгийн МАН-ын суурийг тавьж, 1921 оны 3 дугаар сарын 18-нд түүний тэргүүлсэн Ардын журамт цэрэг, Улаан армийн хамт Хиагт хотыг Хятадын цэргээс чөлөөлсөн түүхтэй. Улмаар Ардын Засгийн газрыг байгуулахад 28 настай Дамдины Сүхбаатарыг Цэргийн Яамны Тэргүүн Сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилж байжээ.

Уг үзэсгэлэнд  марк цуглуулагч Б.Мажинбуугийн хувийн цуглуулгаас Д.Сүхбаатар жанжин болон МАН-ын түүхэн холбогдолтой 600 гаруй бүтээл дэлгэгджээ. Үзэсгэлэн энэ сарын таван  хүртэл аймгийн МАН-ын байранд гарах ажээ.

Связанные новости