Хараагүй иргэдийн цаасан дугтуй үйлдвэрлэлийг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Архангай аймаг дахь Хараагүйчүүдийн холбооны тэргүүн П.Энххуяг, тэргүүлэгч Г.Очирхуяг нартай уулзаж санал бодлыг нь сонслоо.
П.Энххуяг "Эрдэнэбулган сумын хэмжээнд 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал нь ажлын байр хомс, мэргэжил дээшлүүлэх сургалт орон нутагт тэр бүр зохион байгуулдаггүй. Одоо байрлаж байгаа ажлын байр стандарт бус жижиг өрөө тул үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжгүй" гэв.
Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос 2020 онд хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнийг бариа заслын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан амжилттай төгссөн боловч үйл ажиллагаа явуулах байр байхгүйгээс 2 иргэн ажилгүй, 3 иргэн нь ажлын байртай болсон байна. Энэ жилийн ажлын төлөвлөгөөнд брайл үсгийн сургалт явуулах, цаасан уут хийх, спортын үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаасан уутны бэлдцийг Улаанбаатар хотоос авч аймагтаа хүнсний уут болон дугтуй хийх боломжтой ба энэ ажлыг эхлүүлснээр 4-6 хүн байнгын ажлын байртай болох аж.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал: ХБИ-ийн үйл ажиллагааг дэмжиж, цаасан дугтуйг албан байгууллагууд захиалах ажлыг аймгийн удирдлагуудын зүгээс бодлогоор дэмжиж ажиллана гэв.