АРХАНГАЙ: Мас-рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний барилдаанууд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-08-01 10:15:23

Эрдэнэбулган, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мас-рестлинг буюу модон барилдааны долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний барилдаанууд эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн 33 орны 300 гаруй тамирчин ARA complex-д цугларч, хурд хүчээ сорьж байна.  


1954 онд хамгийн анхны дүрэм нь батлагдаж байсан Якутын Саха үндэстний үндэсний энэхүү спорт нь зөвхөн хүчний тулаан биш олон үндэстний соёлын солилцоо, нөхөрлөлийн гүүр болон өргөжсөн байна.


Оролцогч орнуудын дунд Ази, Европ, Африк, Хойд болон Өмнөд Америкийн бүс нутгийг төлөөлсөн дараах улсууд багтаж байна.


Африк тивийн орнууд: Ангол, Египет, Гана, Замби, Камерун, Конго, Кот-д’Ивуар, Марокко, Нигери, Сьерра-Леоне, Сомали


Азийн бүс нутгаас: Азербайжан, Бангладеш, Гүрж, Энэтхэг (хоёр бүрэлдэхүүнтэй), Казахстан, Киргистан, Монгол Улс, Нэгдсэн Арабын Эмират, Пакистан, Сири, Тажикстан, Туркменистан


Европын улс орнууд: Польш, Румын, Словак, Чех, Орос


Америк тивээс: Бразил, Канад, Мексик, АНУ


Тамирчид MAS Wrestling-ийн дэлхийн дэвжээнд улс орныхоо нэрийг өндөрт өргөх зорилгоор өрсөлдөж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь спортын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл хоорондын харилцааг дэмжих чухал үйл явдал болж байна.

Связанные новости