Иргэдээ татах ажил үргэлжилсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-08 15:04:08
Архангай /МОНЦАМЭ/. АОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан иргэдээ татаж авах ажил үргэлжилсээр байна. Өчигдрийн байдлаар нийт 300 орчим иргэн аймаг сумдад иржээ. Өнөөдөр буюу 02 сарын 08-нд Эрдэнэбулган, Чулуут, Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумд руу нийт таван автобусаар 165 иргэн гарсан байна. Үүнээс Эрдэнэбулган суманд 40 иргэн ирнэ. Иргэдийг татах ажил маргааш буюу 2-р сарын 9-нд дуусна.
Ирсэн нийт зорчигчдоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул гэрийн тусгаарлалтанд шилжүүллээ. Тус үйл ажиллагаанд холбогдох байгууллагын алба хаагч нар 24 цагийн турш иргэдийн эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Өчигдөр /2021-02-07/ аймгийн Засаг дарга Д.Золжаргал иргэдээ татах үйл ажиллагаанд хамтран ажиллаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо. Мөн газар дээр нь шуурхай ажиллаж буй баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, алба хаагчдынхаа эрсдэл, аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан ирэх иргэдийн хүсэлт нэмэгдэж байгаа тул цаашид иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг АОК-оос анхаарууллаа.
Связанные новости