МАН нэр дэвшигчиддээ батламж гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-08 15:06:26

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд МАН-ын дарга М.Энхболд батламжийг нь өнөөдөр гардуулж өглөө.

Батламж гардуулах үйл ажиллагааг нээж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ирэх 4 жилд төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдгийг шийдэх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэх чухал үе ирээд байгааг онцлов. Тэрбээр цааш нь, "Энэ удаагийн сонгуульд манай намд алдах эрх байхгүй.Ялалтын төлөө хамтдаа зүтгэе. Бидний ялалт ард түмний ялалт байх болно" хэмээн хэллээ.

Эхний батламжийг Төв аймагт нэр дэвшигч М.Энхболдод МАН-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл гардуулав. Үүний дараа нэрсийн жагсаалтын дагуу УИХ-ын сонгуульд оролцогчдод батламжийг нь гардуулж, намтрыг нь видеогоор танилцуулсан юм.  Уг үйл ажиллагааны хаалтын үгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн. Дараа нь  нэр дэвшигчид "Халуун элгэн нутаг" дуу дуулж, дурсгалын зураг татуулснаар батламж гардуулах үйл ажиллагаа өндөрлөлөө.

МАН-аас энэ удаагийн сонгуульд анх удаа 36 хүн нэр дэвшиж байгаа аж. 

Б.Туул

 

Связанные новости