“Азийн хүүхдүүд” VI наадмын 18 төрөлд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Саха Якутск улсад “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадам 2016 оны долдугаар сарын 5-17-ны өдрүүдэд болно.
Тус наадамд оролцох Монгол Улсын өсвөрийн баг тамирчдыг БТСХТ-ийн дарга гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, тус наадмын зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Саха улсын иргэн Хатылыков Сергей Александровичийг хүлээн авч уулзав. Уулзалтаар өнөө жилийн наадмын онцлог, зохион байгуулалтын талаар ярилцаж, Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцсыг танилцуулав. С.А.Хатылыков уг наадамд орох спортын төрлүүдийн мэдээлэл, зохион байгуулалт, наадмын цэнгэлдэх хүрээлэн, спортын байгууламжууд тамирчдын тосгоны талаар танилцууллаа.
“Азийн хүүхдүүд” наадам нь 1996 оноос эхлэн 4 жил тутамд зохион байгуулж, 2010 онд Олон улсын олимпийн хорооны болон Азийн олимпийн зөвлөлийн ивээлд орж, 2011 онд уг наадмыг ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан байна. Энэ удаа ОХУ-ын Спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Саха улсын Засгийн газар, ОХУ-ын Үндэсний Олимпийн хороо, АОЗ-ийн ивээл дор спортын 21 төрлөөр Якутск хотноо зохион байгуулж 39 орны 4500 тамирчид, төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсын тамирчид 1996 оны анхны наадмаас оролцохдоо жүдо бөхийн Х.Цагаанбаатар, М.Бундмаа, боксын тамирчин Н.Төгсцогт, Э.Цэндбаатар, гимнастикийн А.Эрдэнэболд, чөлөөт бөхийн П.Өнөрбат зэрэг олон тамирчин өнөөдөр Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулаад байна. Монголын өсвөрийн тамирчид 2012 оны V их наадамд 152 хүний бүрэлдэхүүнтэй спортын 17 төрөлд баг тамирчдаа оруулж 12 алт, 10 мөнгө, 20 хүрэл, нийт 42 медальтай багийн дүнгээр ОХУ, Казахстан улсын дараа III байрт шалгарч байв.
Энэ удаагийн наадамд манай улсаас спортын 18 төрөлд 176 тамирчин, дасгалжуулагч нарыг оролцуулахаар өсвөр үеийн УАШТ, сонгон шалгаруулах тэмцээнээс бүрдүүлсэн юм.
Наадамд оролцох бүрэлдэхүүний 138 хүн нь 16-гаас доош насны өсвөрийн тамирчид бөгөөд ЗТЯ, МИАТ ХК дэмжиж хоёр талын нислэгт онгоц гарган өгч, хөнгөлөлттэй тарифаар үйлчлэх юм.
Д.Өлзий