Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-16 11:44:17

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголд биеийн тамир, спортын дээд боловсролыг анхлан олгож эхэлсэн МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн түүхт 70 жилийн ой тохиож байна.


Анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 287-р тогтоолоор 1955-1956 оны хичээлийн жилд Т.Машлай ректортой Улсын багшийн институтийн бүрэлдэхүүнд биеийн тамирын багш бэлтгэх ангийг нэг тэнхим, таван багш, 30 оюутантай байгуулснаар энэхүү сургуулийн түүх эхэлсэн гэж үздэг.


Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, О.Балжинням, Ч.Дамдиншарав, Д.Сумъяа тэргүүтэй спортын олон арван алдартан төрөн гарсан тус сургуулийн 70 жилийн ойн үйл ажиллагаа “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхэллээ. Тус хуралд долоон орны 59 эрдэмтэн дөрвөн чиглэлээр 31 илтгэл тавьж, хэлэлцүүлэх аж. Энэхүү хурал нь биеийн тамир, спортын боловсрол, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, ололт амжилт, онол практикийн хандлага, сайн туршлага, шийдлүүдийг хуваалцах, судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Хурлын эхэнд Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав, О.Балжинням нар Биеийн тамирын дээд сургуулийн "Хүндэт доктор" болсон байна.


Харин маргааш 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 64 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Эл барилдаанд БТДС-ийг төгссөн төгсөгчид болон өдгөө суралцаж буй оюутнууд зодоглох аж. Түүнчлэн жюү жицү, таеквондо, гимнастик гэх мэт спортын төрлүүдээр үзүүлэх тоглолт сонирхуулах юм.


Биеийн тамирын дээд сургуулийг төгсөгчдөөс хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадмаас медаль хүртсэн есөн тамирчин байдаг аж. Тодруулбал, 1968 онд Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, 1972 онд Х.Баянмөнх, 1976 онд З.Ойдов, 1980 онд Ж.Даваажав, Ц.Дамдин, 2016 онд Д.Сумъяа, Д.Отгондалай, 2020 онд Б.Болортуяа нар олимпын медальтан болжээ. Түүнчлэн залуучуудын олимпын аварга гурав, 120 орчим гавьяат цолтон төрөн гарсан байна. 






Связанные новости