Чуулгын шинэ барилгын ажил удаашралтай байгаад сануулга өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-01 22:19:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий чуулгын барилгын явц, удааширсан шалтгаан, өнгөрсөн жилийн ажлын гүйцэтгэлүүдтэй танилцах уулзалт өнөөдөр аймгийн ЗДТГ-т боллоо.

Уулзалтад аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд, “Макс майнд” ХХК-ийн удирдлагууд, туслан гүйцэтгэгч компани болох тайзны технологийн ажлыг гүйцэтгэж байгаа “СЕТТИМО” ХХК, зураг төслийг гүйцэтгэж байгаа “Аксиом” ХХК-ийн төлөөллүүд оролцов.
Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн жил “Макс майнд” ХХК таван ажлын гүйцэтгэлд 770 гаруй сая төгрөг авсан боловч тайзны ажлыг гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанидаа ажлын хөлс болох 200 сая төгрөгийг олгоогүй учраас тухайн компанийн ажил зогссон аж.
Тиймээс аймгийн Засаг дарга туслан гүйцэтгэгч болон захиалагч талдаа гэрээний үүргээ биелүүлэхгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа “Макс майнд” ХХК-ийн удирдлагуудтай энэ сарын 3-ны өдөр эргэн уулзалт хийх цаг тохирч, үндсэн гурван шаардлагыг тавилаа.
Нэгдүгээрт, гэрээгээ сунгахгүй, үлдэгдэл санхүүжилтээр сонгон шалгаруулалт зарлаж, өөр чадамжтай компаниар Хан Хэнтий чуулгын барилгыг ашиглалтад оруулах,
Хоёрдугаарт, хийсэн ажлын гүйцэтгэлийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд ил тод мэдээлж, тухайн компанийг Сангийн яамны хар жагсаалтад оруулах,
Гуравдугаарт, 3-р сарын 3-ны өдөр гэхэд туслан гүйцэтгэгчдээ санхүүжилтийг олгосон тохиолдолд, дараагийн шатанд ярилцаж болно гэж үзлээ.

Хан Хэнтий чуулгын шинэ барилгын шав тавигдаад олон жил болж байгаа бөгөөд ашиглалтад орох ёстой байсан хугацаа аль хэдийнэ өнгөрчээ.
Связанные новости