200 гаруй уст цэгээс 3 мянга гаруй тонн хог хаягдал цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Орхон, Онги, таац, Ар Аргуйн голын орчин тойрныг цэвэрлэх үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн БОАЖГ-аас зохион байгууллаа.
Уг хөтөлбөрт аймгийн төв болон сум, суурин газруудад 10 км тойрогт, баг хот айлд 5 км-ын тойрогт орших гол мөрөн, булаг шанд, уст цэгийг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаас цэвэрлэх, байгалийн голдрилыг сэргээх, тохижуулах, хамгаалахад иргэд аж ахуйн нэгжүүдийг өргөн хүрээтэй оролцуулах тухай заасан байдаг.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч, бүх сум, байгууллага, аж ахуйн нэгжид үүрэг даалгавар өгсний дагуу нийт 203 уст цэг болон гадаргын усны ойр орчмыг цэвэрлэхэд 6000 гаруй иргэд оролцжээ.
Энэ ажлаар 28 гол, 8 нуур цөөрөм, 89 булаг шанд, 13 рашаан, 65 худаг буюу нийт 338.9 га талбайн хог хаягдлыг цэвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид, ажилгүй иргэд, цэргийн дүйцүүлэн албан хаагч, өндөр настнууд, сургуулийн сурагчид зэрэг 6230 гаруй хүн оролцон 3457,8 тонн хог хаягдлыг бүрэн цэвэрлэсэн байна.
Өвөрхангай Б.Батчимэг