Уурын зуухнууд 90 хувийн эрсдэлтэй шалгагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дулааны эрчим хүч үйлдвэрлэж, түгээдэг 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар дулаан үйлдвэрлэж буй уурын зуухны байгаль орчинд нөлөөлөх байдалд хяналтын хуудсаар үнэлгээ хийхэд 13 нь 66-91,9 хувийн эрсдэлтэй үнэлэгджээ.
Тодруулбал менежментийн төлөвлөгөө боловсруулаагүй, үнс, хог хадгалах байр шаардлага хангахгүй, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ аваагүй, дотоод хяналтын журам байхгүй, уурын зууханд өргөтгөл хийхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дахин хийлгээгүй зэрэг зөрчлүүд зонхилох хувийг эзэлсэн байна.
Тиймээс зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн эздэд галлагааны үйл ажиллагаа эхлэхээс өмнө хөө тортог, утааны хорыг шүүх төхөөрөмж тавих, дотоод хяналтыг сайжруулах, журам мөрдөх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэг шаардлагыг тавьж, хэрэгжүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авахаар албан мэдэгдэл өгчээ.
Мөн аймгийн ЗДТГ, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, Дулааны эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хамруулан сургалт зохион байгуулж, цаашид анхаарах сэдвээр мэдээлэл өгсөн байна.
Өвөрхангай Б.Батчимэг