АНУ-д вакцин хийлгэсэн хүмүүст зориулсан шинэ журмыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-09 16:23:08

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст зориулсан шинэ журмуудаа танилцуулжээ.


Вакцины шаардлагатай тунг хийлгэсэн хүмүүс вакцинжуулалтад хамрагдсан бусад хүмүүсийн болон вакцинжуулалтад хамрагдаагүй зарим хүний гэрт зочлох боломжтой гэж шинэ удирдамжид тэмдэглэсэн байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, вакцины сүүлийн тунг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн хүмүүсийг ийнхүү вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсийн тоонд оруулах ажээ.


Өнөөдрийн байдлаар АНУ-ын 30 сая гаруй иргэнийг бүрэн вакцинжуулжээ. Цагаан ордны коронавирусний асуудал хариуцсан хэсгийн даваа гаргийн хэвлэлийн хурлын үеэр эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уг удирдамжийг танилцуулжээ.


Энэхүү баримт бичигт дурдсанаар, вакцинжуулалтад бүрэн хамрагдсан буюу “Moderna”, “Pfizer”-ийн вакцины хоёр тунг, “Johnson & Johnson”-ын вакцины нэг тунг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа америкчуудад дараах боломжууд нээгдэх ажээ.

  • Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс нэг гэрт уулзахдаа амны хаалт зүүж, зайнаас харилцах шаардлагагүй
  • Мөн вакцинжуулалтад хамрагдаагүй нэг өрхийн хүмүүстэй нэг гэрт уулзах боломжтой бөгөөд тэд коронавирусээр халдварласан тохиолдолд хүндээр илрэх эрсдэл бага байх шаардлагатай
  • COVID-19”-өөр халдварласан тохиолдолд шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ, тусгаарлалтыг алгасах боломжтой ба шинж тэмдэг илрэх эсэхээ 14 хоног ажиглах шаардлагатай байна.

“Бид “COVID-19”-тэй зэрэгцэн амьдрах нийгмийг тодорхойлж эхэллээ. Вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо олон болох тусам энэхүү жагсаалт өргөжинө” гэж Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн ахлах зөвлөх Энди Славитт мэдээлжээ.


Түүнчлэн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс олон нийтийн газарт байхдаа амны хаалт зүүх, зайнаас харилцах, олон хүн бөөгнөрсөн газраас зайлсхийх зэрэг халдвар хамгааллын үндсэн дүрмүүдээ үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай ажээ.


АНУ-д сүүлийн өдрүүдэд өдөрт тарих вакцины тунгийн тоо олноор нэмэгдэх болжээ. Тус улсад сүүлийн мэдээллээр 90 сая гаруй тун вакциныг тарьсан байна. Мөн “Johnson & Johnson”-ын нэг тунт вакцин АНУ-д хэрэглэх зөвшөөрөл авсан гурав дахь вакцин болсон нь нийлүүлэлт нэмэгдэхэд нөлөөлжээ. 

Связанные новости