Монголын үндэсний шигшээ баг 1 жил 111 хоногийн дараа гадаадын багтай тоглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шигшээ баг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Катар - 2022” ДАШТ болон 2023 оны ААШТ-ний урьдчилсан шатны хүрээнд Мьянмар улсын талбайд зочлон тоглосноос хойш цар тахлын улмаас өнөөдрийг хүртэл олон улсын тоглолт хийх боломжгүй байсан юм.
Харин Монголын шигшээ баг өчигдөр урт хугацааны дараах олон улсын тоглолтоо Турк улсад хийлээ. Турк улсын Анталия хотноо бэлтгэл хийж байгаа манай шигшээ баг энд 3 нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай бөгөөд эхний баг нь Украины Эпицентр клуб байлаа.
Тус тоглолтод манай залуус 4:0 гэсэн оноогоор хожигдсон ч, бэлтгэлийн үеийн арга тактикийг тус тоглолтод туршсанаараа алдаа оноогоо дэнслэх, цаашид сайжруулах боломжийг олгосноороо ач холбогдолтой тоглолт болсон юм.