Шинжилгээ өгч буй иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн ажилчид эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зарим ААН, байгууллага ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардаж байгаагаас шинжилгээний ачаалал үүсгэх нэг шалтгаан болж буй тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, орлогч дарга Л.Зэндмаа нар мэдээлэл хийлээ.
"COVID-19" халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд өдөрт зайлшгүй шаардлагаар 6 мянган хүн хамрагдаж байна. Үүний 20 гаруй хувийг уул уурхайн салбарын болон улирлын чанартай ажил эрхэлдэг үйлдвэрлэлийн салбарын ажилчид эзэлж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.
Тухайн ААН, байгууллагуудын удирдлага ажилтан, ажилчдаа заавал шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг. Энэ нь шинжилгээний цэг дэх ачааллыг нэмэгдүүлж байна. Гэвч ийм шаардлагаар шинжилгээ өгсөн иргэний хариу сөрөг гарсан ч халдвар аваагүйн баталгаа болж чадахгүй. Учир нь орон нутагт ээлжийн ажилтай хүмүүс явахаасаа өмнөх 2 хоногт шинжилгээнд орлоо гэхэд замдаа халдварт өртөх эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тархвар зүйн судалгаанд үндэслэсэн зөв шаардлага тавих зөв хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй байна гэв.
Өнөөдрийн байдлаар, PCR шинжилгээний 11 лаборатори ажиллаж байна. Эдгээр лабораторийнхоо хүчин чадалд суурилан өдөрт 15 мянган хүнийг шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу өдөртөө гарах боломжтойг хэллээ. 15 мянган шинжилгээний 6 мянгыг нь зайлшгүй шаардлагатай хүмүүст зориулж, үлдсэн хувьд (явуулын 16 цэгээр) халдварын ойрын болон дам хавьтлын хүмүүсийг шинжлээд явна гэв. PCR шинжилгээг голомтын өргөтгөсөн тандалт судалгаанд илүүтэй хэрэглэдэг арга барилыг хэрэгжүүлж буйг тодотголоо.