Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан 2021” зарлалаа.
Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байна.
Энэхүү уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” болон Индонезийн “SURYA Institute”-ээс олон улсын түвшинд зохион байгуулдаг бөгөөд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.
Энэ жил GYEC уралдааныг Монгол Улсын 21 аймгийн ахлах ангийн бүх сурагчдын дунд, монгол, англи хэлний сонголттой зохион байгуулж байна. Олон улсын тэмцээнд оролцох 3 багийг шалгаруулах уралдааныг англи хэлээр гурван үе шаттай явуулна. Харин үндэсний уралдааныг монгол хэлээр хоёр үе шаттай явуулж, шалгаруулах юм.
Сонирхсон багууд нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын өргөдлийг 3 дугаар сарын 19-ний 20.00 цагаас өмнө и-мэйлээр илгээх боломжтой. Багууд үндэсний хэмжээнд уралдаанд оролцох бол материалаа монгол хэлээр, харин олон улсад өрсөлдөх бол англи хэлээр явуулна. Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг https://savethechildren.mn/mn/post/789 хаягаас авах боломжтой.
Ерөнхий боловсролын
сургуулиудын ахлах ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх
ур чадвар зэрэг хувь хүний ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэ жилийн уралдааныг Hub Innovation төв (Нийслэлийн
шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн
Танхим, Европын холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих” төсөл
хамтран явуулж байна.