Засгийн газар хүн амынхаа 30 хувийг дархлаажуулах вакцины талаар гэрээ хэлэлцээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт нийслэлд “COVID-19” халдварын эсрэг 15.748 хүнийг вакцинжуулжээ. Ингэснээр 2 дугаар сарын 23-наас эхэлсэн дархлаажуулалтад нийслэлийн 155.489 хүн хамрагдаад байна.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр, вакцинжуулалтыг нийт 41 цэгт, 97 багийн 671 ажилтан ажиллаж буйг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа хэллээ. Түүнчлэн тэрээр вакцин хангамжийн талаар мэдээлэхдээ, манай улс олон улсын хандив, буцалтгүй тусламжаар нийт хүн амыг дархлаажуулах вакцины 11.3 хувийг авч байна. Энд Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар 150 мянга тун “Астразенека”, БНХАУ-аас “Синофарм” үйлдвэрийн 300 мянган тунг аваад байна. Япон улсаас тусламжаар 2,6 сая тунг авахаас одоогоор нийлүүлж эхлээгүй байна.
Дэлхийн хөгжиж буй улс орнуудыг вакцинжуулах “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд манай улс хүн амынхаа 20 хувийг вакцинжуулахаас одоогийн байдлаар, тус хөтөлбөрийн хүрээнд 14,4 мянган тун “Астразенека” вакцин аваад байна. Үүнээс гадна манай улсын Засгийн газар хүн амынхаа 30 хувийг дархлаажуулалтад хамруулах вакциныг нийлүүлэх талаар гадаад орнуудтай гэрээ хэлэлцээ хийж байна.
Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилт тавьсан. Одоогоор вакцинжуулалтад иргэдийн 6.7 хувийг хамруулаад байна. Энэ нь олон улсын хэмжээнд дээгүүр үзүүлэлтэд орж буй аж.