“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-д оролцогчид 20 мянгад хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-д 20 мянган оролцогч хамрагдсан нь олон улсын нэр хүндтэй, дэлхийн шилдэг марафоны оролцогчдын тоонд дөхсөн үзүүлэлт болов.
Энэхүү гүйлтийг 2021 оны 3 дугаар сарын 15-28-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд оролцож амжаагүй иргэд одоо ч нэгдэх боломжтой юм байна. Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, өөрөө өөрийгөө ялан дийлэх , амьдралын зөв дадал хэвшүүлэх, иргэдийн гүйлтийн болон технологийн боловсролд зориулж “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-ийг аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодтой хамтран улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа аж.
Эхний 10 өдрийн дараах
байдлаар /2021.03.25/ улсын хэмжээнд 19421 иргэн нийт 246 503 км зам туулсан
статистик үзүүлэлт гарсан байна. Тухайлбал 3 дугаар сарын 24-ний өдөр
Говь-Алтай аймаг дангаараа 14 507км зам туулж,
энэхүү аяны хүрээнд нэг группын, нэг өдөрт туулсан хамгийн дээд амжилтыг
шинэчилжээ.
Улмаар Говь-Алтай аймаг нийт 32 924 км зам туулсан амжилтаараа 10 өдрийн дараах байдлаар “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-ийг улсын хэмжээнд тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн 9 хоногийн хугацаанд хамгийн урт зам туулсан амжилтыг улсын хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг 31 350 км-ээр тэргүүлж байжээ.
“Эрүүл мэндийн цахим
гүйлт-2021” аянд Цахим гүйлтийн зохион байгуулалтын гол хэрэгсэл болох олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Strava" аппликэйшнд бүртгэл үүсгэх,
өөрийн харьяаллын дагуу зохион байгуулагчдаас үүсгэсэн “Strava” болон “Фейсбүүк” группэд нэгдэх юм байна.
Түүнчлэн цахим гүйлтийн
өдөр тутмын мэдээллийг БТСУХ-Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн
фейсбүүк хуудаснаас болон “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” нээлттэй группээс
авах боломжтой.