“PLAYTIME 2016” наадамд гадаадын 10 хамтлаг ая дуугаа өргөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНийслэлийн ИТХ-аас баталсан "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2016” олон улсын амьд хөгжмийн наадам 3 дахь жилдээ энэ сарын 24-26-нд Гацуурт тосгоны Монгол шилтгээнд болно.
Энэ талаар тус наадмын захирал Ц.Нацагдорж өнөөдөр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Тус наадам өмнө нь Рок хөгжмийн фестивал тодотголтойгоор 2009 оноос зохион байгуулж байсан бол хоёр жилийн өмнөөс амьд хөгжмийн наадам болж өргөжжээ. Энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж буй уг наадмын зорилго нь хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг байгальд ээлтэйгээр зөв боловсон өнгөрүүлэх, Монголын болон дэлхийн амьд хөгжмийн шилдгийн шилдгийг танилцуулах, улмаар Улаанбаатар хотын иргэдийн соёлын хэрэгцээг хангахад оршиж байгаа юм хэмээн Ц.Нацагдорж захирал ярив.
Энэ жилийн хувьд Шведийн “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise” зэрэг 10 хамтлаг, мөн “The Lemons”, “Нисванис”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 хөгжмийн хамтлаг, 20 гаруй DJ уран бүтээлээ хүргэх гэнэ.
Наадмын тасалбарыг өнгөрсөн сарын 31-ний өдрөөс "Хай-Фай Рекордз"-ийн салбаруудаар борлуулж байгаа аж.
Н.Отгончимэг