Тайванийн Тээврийн сайд огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-05 13:06:04

ТАЙБЭЙ. /CNN/. Тайваньд өнгөрсөн баасан гарагт галт тэрэг осолдсоны улмаас 51 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэнтэй холбогдуулан Тээврийн сайд Линь Чя Лун огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


"Линь Чялун ослын хариуцлагыг хүлээн огцрох хүсэлтэй буйгаа Тайванийн Ерөнхий сайд Су Цэнчанд ням гарагт бичгээр хүргүүлсэн" гэж 'CNA” агентлаг мэдээлсэн байна. 


Харин Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ло Пинчэнийн мэдээлснээр, Ерөнхий сайд ослын хариуцлагыг хүлээж буйг нь сайшаасан боловч Тээврийн сайдын огцрох хүсэлтийг авч хэлэлцэхээс татгалзжээ.


Тайванийн зүүн нутагт баасан гаргийн өглөө 490 хүн тээвэрлэсэн зорчигч тээврийн галт тэрэг осолдсон юм. Уг ослын улмаас 200 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд галт тэрэгний жолооч байсан гэж Тайванийн Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.


Энэхүү явдалтай холбогдуулан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь, “Засгийн газар зорчигчдын аюулгүй байдлыг хангахын төлөө чадах бүхнээ үргэлжлүүлэн хийх болно” гэж мэдэгджээ. Мөн Тайваньтай ойр оршдог орнуудын удирдагчид амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, Тайванийн эрх баригчдад тусламж санал болгожээ.  

Связанные новости