Нийслэлийн хүн амыг тавдугаар сард багтаан бүрэн тунд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож дараах асуултад хариулт өглөө.
-Дархлаажуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ?
-Улсын хэмжээнд дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймагт эхний тунд хамрагдсан 744 мянган иргэн байгаагийн 35 хувь буюу 262 мянган иргэн бүрэн тунд хамрагдсан. Бүрэн тун буюу хоёр дахь тунгаар дархлаажуулах ажлын зэрэгцээ, нийслэлд зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Нэг сая 100 мянга гаруй вакцин хүлээн авснаас 592 мянган иргэнийг нэгдүгээр тунд хамрууллаа. Нэгдүгээр тунд хамрагдаж байгаа иргэдийг харьяа өрх дүүргээс нь давтан тунд хэзээ хамрагдахыг мэдэгдэнэ.
-Аймаг, орон нутгийн иргэдийг хэзээнээс дархлаажуулж эхлэх
вэ?
-Төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээний баг буюу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, цар тахалтай тэмцэж байгаа хүмүүсийг хоёр дахь тунгаар дархлаажуулсан. Мөн үйл ажиллагааг нь тасралтгүй зохион байгуулах шаардлагатай хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг вакцинжуулах ажил хөдөө орон нутагт хийж байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаан нэг, хоёрдугаар тунд хамруулна. Үүний зэрэгцээ вакцины хангалттай холбоотой нийслэлээс гадна 21 аймгийн иргэдийг төлөвлөгөөний дагуу вакцинжуулна. Мөн хөдөө орон нутгийн 50-иас дээш насныхныг вакцинжуулахаар төлөвлөсөн.
-Уул уурхайгаас болоод хөдөө орон нутагт
гацсан хүмүүсийн вакциныг хэрхэн хийх вэ?
-Тухайн орон нутгаас судалгаа авч, тухайн газрынх нь ЭМ-ийн газарт явуулж байгаа.
-Хөхүүл ээж вакцин хийлгэж болох уу?
-Хөхүүл ээж вакцин хийлгэж болно. Аль ч вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно. АНУ болон бусад орон вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж байна. Гэхдээ эсрэг заалт байгаа юу гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Архаг суурь өвчтэй хүмүүс ямар вакцин хийлгэх
вэ?
-Архаг суурь өвчтэй ч гэсэн эмчийн хяналтад ороод эмч зөвшөөрсөн бол аль ч вакциныг хийлгэж болно.
-Вакцины
хоёрдугаар тунд хамрагдсан гээд иргэд амны хаалтаа тайлж байна.
Энэ зөв үү?
-Вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн халдварын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Халдварын нөхцөл байдал амны хаалт тайлах хэмжээнд биш байна. Вакцины үр дүнг судалж байгаа. Хүн бүрт харилцан адилгүй дархлаа тогтож байгаа. Вакцин нь халдвараас сэргийлэхээс гадна хүндрэлээс сэргийлнэ. Вакцины нөөцгүй болсон гэх мэдээллээс болж дархлаажуулалтын цэгт иргэд очиж дараалал үүсгэж байна. Тухайн эрүүл мэндийн төвөөс залгасан тохиолдолд очиж вакцинаа хийлгээрэй.