Европт халдварын шинэ тохиолдлын тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-30 11:30:07

БРЮССЕЛЬ. /VOA/. Европт “COVID-19” халдварын өнгөрсөн долоо хоногт илэрсэн шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа буурсан дүн үзүүллээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн асуудал хариуцсан дарга Ханс Клюге пүрэв гарагт мэдээлжээ.


Европт өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон нас барсан тохиолдлын тоо ч мөн буурсан байна. Үүний зэрэгцээ энэ сарын 29-ний байдлаар Европын хүн амын 7 хувийг бүрэн вакцинжуулсан нь “COVID-19”-өөр халдварласан иргэдийн тоон үзүүлэлтийг /5.5 хувь/ давжээ.


Х.Клюгийн хэлснээр, энэ нь сайн мэдээ боловч хэд хэдэн бүсэд халдварын үзүүлэлтүүд өндөр байгаа тул халдвар аюул учруулахуйц хэвээр байна. Мөн халдвар хамгааллын арга хэмжээнүүд нь цаашдын нөхцөл байдлыг тодорхойлоход чухал хүчин зүйл хэвээр байгаа ажээ. Иймээс “COVID-19”-ийн вакцинжуулалтыг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдтэй хослуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


Мөн Европт дархлаажуулалтын долоо хоног үргэлжилж буйтай холбогдуулан вакцины ашиг тусын талаар хэлэхдээ, вакцин дэлхий дахиныг аминд халтай халдварт өвчнүүдээс 200 гаруй жилийн турш хамгаалсаар ирснийг сануулан дурдаад, цар тахалтай тэмцэхийн сацуу товлолт вакцинуудыг цаг тухайд нь хийхийг бүс нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад уриалсан байна. 

Связанные новости