Япон дахь монголчуудын Хаврын баяр цахимаар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-03 16:26:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг Япон дахь монголчуудын уламжлалт Хаврын баяр энэ жил цахимаар явагдахаар болсныг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос мэдээллээ.


1999 оноос зохион байгуулж эхэлсэн тус баяр Наран улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан тус баярыг энэ жил цахимаар ийнхүү зохион байгуулахаар болсон нэг шалтгаан бол “Токио-2020” олимпын наадам юм.


Жил бүрийн Хаврын баярын нэг чухал хэсэг нь спортын тэмцээн уралдаан байдаг. Манай алдарт сумо бөхчүүд спортын тэмцээнүүдийг ивээн тэтгэж, шагнал гардуулдаг, зарим үед өөрсдөө барилддаг уламжлалтай.


Нэг жил өнжсөн Токиогийн олимпын наадам 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Шинэ төрлийн коронавируст халдвараас сэргийлэн, энэ удаад олимпын наадмыг гадаадын үзэгч хүлээн авахгүйгээр зохион байгуулахаар болсон. Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулах эсэхийг 6 дугаар сард шийдэх юм. Хэрэв дотоодын спорт сонирхогчдод олимпын наадмыг үзэх зөвшөөрөл олговол манай олимпын шигшээ багийг дэмжих гол хүмүүс бол Японд аж төрж байгаа монголчууд, Монгол Улсыг дэмжин, хамтран ажилладаг япончууд болно. Иймд энэ Хаврын баяр манай тамирчдын хувьд чухал үйл явдал болж байна.


Хаврын баярт манай улсын иргэдээс гадна Монголд элэгтэй япончууд, Монголын шигшээ багийг олимпын үеэр хүлээн авах хотын төлөөлөгчид оролцоно. Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй сумочид болон Монгол Улсаас Токитэнкү А.Хүчитбаатар агсны гэр бүл оролцох юм.


Японы Намэгата хот – хүндийг өргөлт,  Яхико – байт харваа, Изүмисано – хөнгөн атлетик, Сакүрагава – буудлага, Имабэцү – туялзуур сэлэм, Изүнокүни – жүдо, Шимада хот – бокс, ширээний теннисний багийг хүлээн авч, дэмжихэд бэлэн болоод байгаа.


Ташрамд дуулгахад, уг баярт МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэндчилгээ илгээжээ.

Связанные новости