Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-16 16:53:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркад өнөөдөр зохион байгууллаа.


Тус хурал Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын чиглэлийг тодорхойлох зорилготой. Мөн хууль, эрх зүйн шинэчилсэн найруулгын төслийг одоогоор Эдийн засаг, хөгжлийн яаманд боловсруулж байгаа бөгөөд намрын чуулганы үеэр УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.


Паркийн тухай хууль баталснаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хууль зүйн хувьд тэгш эрхтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг эрдэм шинжилгээний хурлын үеэр албаныхан тодотгож байна.


МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, “Сүүлийн жилүүдэд технологи, инновацын асуудлыг өргөн хүрээнд ярьж байна. Ялангуяа үндэсний их сургууль, судалгааны байгууллагын хүрээнд бий болсон мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ хурлаар шинжлэх ухааны тухай хууль, инновацын тухай хууль зэрэг олон хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцэн шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засагт дамжуулах, гарааны бизнесийг дэмжих, инновацыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, тодорхой институцийн түвшинд хэрэгжиж эхэлсэн.  Эдгээрийн нэг чухал хэсэг нь шинжлэх ухаан, технологийн паркуудыг байгуулах ажил юм. Манайд “Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай” хууль батлагдан, энэ хүрээнд таван байгууллага үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татсан шинжлэх ухаан, технологийн паркуудын үйл ажиллагаа одоогоор эхлэл төдий байгаа ч цаашдын хөгжлийн чухал суурь болж байна”  гэлээ.


Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Н.Тэгшбаяр хэлэхдээ, "Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Паркийн тухай хуулийн төслийг боловсруулан яаманд хүргүүлээд байна. Засгийн газар хэлэлцэхээс өмнө уг хуульд нэмэлт, санал оруулах талаар холбогдох байгууллагын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж байна. Паркийн үр дүнг тухайн парк дээр бойжсон компаниудын ашиг, орлогоор хэмждэг байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн парк нь бодит эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулж буй бизнесүүдийг бойжуулан, тэдний үр ашгаар өөрийн амжилтыг үнэлдэг байх шаардлагатай. Паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ зарчмыг тусгах нь зүйтэй. Тус хууль нь гарааны компаниудыг дэмжих, инновацыг хурдасгах, шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Парк нь компаниудад саад болдог биш харин тэднийг дэмждэг, хамтдаа хөгждөг орчин байх ёстой" хэмээв. 


Энэхүү хуралд хэлэлцсэн илтгэлийг “Инновацын экосистем” эрдэм шинжилгээний сэтгүүлийн анхны дугаарт хэвлүүлэх аж.  


Связанные новости