Швед улс COVAX хөтөлбөрт вакцин хандивлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СТОКХОЛЬМ. /TASS/. Швед улс коронавирусний вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой олон улсын COVAX хөтөлбөрт Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцинаас 1 сая тунг хандивлахаар төлөвлөж байгааг тус улсын хамтын ажиллагааны сайд Пер Ульссон Фрид мэдэгдэв.
"Дэлхий даяар цар тахал газар авч байгааг бид харж байна. Хүмүүс үхэж, ядуурал улам бүр нэмэгдэж, хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй хэвээр байна. Бид дэлхий нийтээр цар тахалтай тэмцэхэд чадах бүхнээ хийх ёстой. “COVAX”-ийн хамтын ажиллагааг санхүүжүүлэх тал дээр Швед улс хэдийнээ тэргүүлж байгаа, одоо бид дэлхийн өнцөг булан бүрт илүү олон хүнийг вакцинд хурдан хамруулахын тулд нэг сая тун вакцин хандивлах гэж байна" гэж тэрбээр “SVT” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ. Ульссон Фрид мөн “одоо байгаа вакцинаа хав дарж суух цаг нь биш” гэж цохон тэмдэглэв.
Үүний өмнө тэрбээр Шведийн эрсдэлт бүх бүлгийг вакцинжуулсны дараа бусад оронд вакцин нийлүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Чухам ямар улсуудад нийлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Нийт 92 улс COVAX хөтөлбөрөөр дамжуулан вакцин хүлээн авч байгаа бөгөөд тодорхой шийдвэрийг ДЭМБ болон тус хөтөлбөрийн удирдлага гаргадаг аж.
“AstraZeneca”-гийн вакциныг хандивласнаар дархлаажуулалтын аянд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдгийг Шведийн үндэсний вакцинжуулалтын зохицуулагч Рикард Бергстрём урьд нь мэдээлжээ.
Шведэд коронавирусний вакцинжуулалт өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд эхэлсэн байна. Тус улсын Засгийн газар наймдугаар сарын 15-ны дотор насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Шведийн иргэдийн 30 орчим хувь нь “COVID-19”-ийн вакцины нэг тунг хийлгэсэн байна.
Шведийн Эрүүл мэндийн газар цусны бүлэн үүссэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан 65-аас доош насны хүмүүсийг “AstraZeneca”-гийн вакцинаар вакцинжуулахгүй байх зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэвээр үлдээсэн байна. Энэхүү вакцины эхний тунг хийлгэсэн 65-аас доош насныхан хоёр дахь тарилгадаа өөр компанийн вакциныг хийлгэхээр болжээ.