Онтариод гэртээ байх журмыг сунгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ОТТАВА. /CTV/.
Канадын хамгийн олон хүн амтай муж болох
Онтариод “COVID-19” халдварын
тархалтыг хумих зорилгоор тогтоосон гэртээ байх журмыг ирэх зургаадугаар сарын
эхэн хүртэл хоёр долоо хоногоор сунгахаар болжээ.
“Нөхцөл байдал аажмаар
сайжирч буй хандлага ажиглагдаж байгаа ч алдаа гаргахгүйн тулд ийнхүү
шийдвэрлэж байна. Ингэснээр долоо, наймдугаар сар гэхэд хэвийн амьдралдаа
ерөнхийдөө эргэн орох боломж бүрдэнэ” гэж мужийн тэргүүн сайд Дуг Форд мэдэгджээ.
Ийнхүү ирэх пүрэв
гараг хүртэл хэрэгжих байсан журмыг зургаадугаар сарын 2 хүртэл сунгаснаар 14 сая оршин суугчтай Онтарио дахь олон мянган аж ахуй нэгж үйл
ажиллагаагаа түр зогсоосон хэвээр байна гэсэн үг юм.
Гэртээ байх
журмын хүрээнд онцын шаардлагагүй бүх аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож,
шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдаас хүсэж байгаа
юм. Тус мужид пүрэв гарагт халдварын 2789 тохиолдол шинээр илэрч, 31 хүн нас
баржээ. Ингэснээр халдварын шинэ тохиолдлын тоо дөрөв хоног дараалан 3000-аас
буурчээ.
Энэ долоо
хоногийн эхээр мужийн эрх баригчид өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо
1000-аас буурах үед гэртээ байх журмыг цуцална гэж мэдэгдсэн байна. Пүрэв гаргийн
байдлаар мужийн 6.6 сая оршин суугч вакцины эхний тунг, 407 600 хүн хоёр тунг
хоёуланг нь хийлгэжээ.