Тоньюкукийн гэрэлт хөшөөг судлах төслийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг хийхээр боллоо.
Судалгааны төслийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолбор дурсгалт газарт болов.
Монгол Улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол Улсын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Төслийн ажиллагааг нээж ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар хэлсэн үгэндээ, “Түрэгийн хаант улсын түүхэнд холбогдох томоохон дурсгалыг малтан судлах ажил нь 1800-аад оны сүүл үеэс эхэлсэн бөгөөд хожим 1957 онд манай нэрт археологич Н.Сэр-Оджав томоохон малтлага судалгааны ажил хийсэн байдаг. Харин энэ удаад Монгол-Туркийн хамтарсан төслийн хээрийн шинжилгээний ангийнхан дахин судалгааны ажил эхлүүлж байгаад баяртай байгаа”-гаа илэрхийлээд цаашид хоёр орны эрдэмтдийн энэ удаагийн хээрийн судалгааны ажил дараа дараагийн нэгэн бүтээн босголтын эхлэл болох ёстой хэмээв. Төслийн нээлтийн ажиллагаа морин хуурны тоглолт, чөлөөт уулзалтаар үргэлжилсэн юм.
Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах юм.
Малтлага судалгааны ажил ирэх 8 дугаар сарын 05-ныг хүртэл үргэлжлэх аж.
Монгол, Туркийн археологийн хамтын ажиллагаа 20 орчим жилийн түүхтэй бөгөөд өмнө нь Архангай аймгийн Хөшөө Цайдам дахь Түрэгийн Билгэ хааны тахилын онгоныг малтан судалж, Евразийн түүх, археологийн судалгаанд томоохон байр суурь эзлэх 3000 орчим үнэт олдвор эх хэрэглэгдэхүүнийг илрүүлж байжээ.
Ж.Болор