Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-19 12:09:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 2 өдрийн туршид явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо.


Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээний ротын төрөлд тэргүүн байрт ахмад Б.Цээноров /350/ захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын рот, дэд байрт ахмад Г.Мөнхболд /123/ захирагчтай Хуурай замын цэргийн командлалын рот, байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд тэргүүн байрт дэслэгч Б.Отгон-Од /330/ захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын салаа шалгарлаа.


Харин дэд байрт ахмад Т.Бямбацогт /120/ захирагчтай Хуурай замын цэргийн командлалын салаа, хугацаат цэргийн алба хаагчдын салааны төрөлд тэргүүн байрт дэслэгч А.Ууганбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салаа, дэд байрт ахлах дэслэгч Ч.Сүхбат захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салаа, гутгаар байрт дэслэгч Б.Даваабаатар захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн салаа шагналт байруудыг эзэллээ.


Мөн эмэгтэй цэргийн алба хаагч тасгийн төрөлд тэргүүн байрт ахмад Л.Саранзаяа /311/ захирагчтай ЗХЖШ-ын тасаг, дэд байрт ахмад Б.Хандсүрэн /330/ захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын тасгийнхан шалгарлаа.


Тэмцээний хаалтын хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарын төрийн цэргийн байгууллага болон Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалын удирдлагууд оролцсон юм.



Тэмцээнд тэргүүлсэн алба хаагчдад шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Л.Болд: “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2021 оны марш, тусгай бэлтгэлийн аварга рот, салаа, тасаг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан болон хүчтэй өрсөлдөгч байж чадсан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе” хэмээн онцлов.

Связанные новости